Шуудангаар бичиг баримт илгээх болон үйлчилгээний хураамж төлөх заавар

2022-11-01


- Иргэн та ЕКГ-т өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд бүрдүүлсэн материалаа баталгаат буухиа шуудангаар илгээж болно.
Шуудан илгээх хаяг:

Зориулалт

ХАЯГ

FROM:

Өөрийн овог, нэрийг, байнга оршин суугаа эсхүл материал илгээж буй газрын хаягийн хамт бичих

TO:

CONSULATE GENERAL OF MONGOLIA
465 California street, Suite 200
San Francisco, CA 94104

- Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.
- Үйлчилгээний хураамжийн үнийн дүн болон Money order, Cashier’s check хийсэн эсэхийг нягтлан шалгах. /Шуудангийн дугтуйнд бэлэн мөнгө хийж болохгүй/
- Буухиа шуудангаар материалаа илгээхдээ зөвхөн баталгаат шуудан /Certified mail/-аар цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/ дугтуйнд хийж илгээнэ. Жишээлбэл: USPS, UPS, Fedex ба бусад төрлийн шуудангийн үйлчилгээ.

- Гадаад паспорт, буцах үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, баталгаат орчуулга, итгэмжлэх захиа зэрэг бичиг баримтыг буухиа шуудангаар буцааж авах тохиолдолд төлбөрийг урьдчилан төлсөн /Pre-paid/, цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/, өөрийн оршин суугаа эсхүл шуудан хүлээн авах газрын хаягаар хаягласан /Self-addressed/ баталгаат шуудан /Certified mail/-гийн дугтуйг бүрдүүлсэн материалын хамт ирүүлнэ.
Жишээлбэл: USPS, UPS, Fedex ба бусад төрлийн шуудангийн үйлчилгээ.
- Дээрх бичиг баримт нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усны хамгаалалттай байвал зохимжтой.
- Бүрдүүлсэн материалыг шуудангаар илгээх, хүлээн авах үед А4 хэмжээтэй цаас багтахуйц дугтуй ашиглана уу.
- Консулын үйлчилгээ авсан болон материал илгээсний дараа таны оршин суугаа хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд тус ЕКГ-ын 415-622-4000 утсаар, [email protected], [email protected] цахим шуудангаар болон ЕКГ-ын нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твиттер зэрэг мэдээллийн хэрэгслээр тухай бүрт мэдэгдэнэ үү.
- ЕКГ-т өөрийн биеэр ирэх боломжгүй иргэд бүрдүүлсэн материалыг баталгаат буухиа шуудангаар илгээж болно.
- Таны илгээсэн дугтуйг хүлээн авахад эсхүл Таны үлдээсэн буцах дугтуйгаар материал илгээхэд доторх баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн бүрэн хариуцах болохыг анхаарна уу.
Үйлчилгээний хураамж төлөх:
- Консулын үйлчилгээний хураамжийг буухиа шуудангаар илгээх тохиолдолд зөвхөн Money order, Cashier’s check хэлбэрээр ирүүлнэ.
- Money order, Cashier’s check дээр төлбөр хүлээн авагч нь тус ЕКГ байх шаардлагатай /Pay to: Consulate General of Mongolia/ бөгөөд худалдан авсан хүний мэдээлэлд өөрийн нэр, хаяг, гарын үсэг зурж баталгаажуулна.
- Money order, Cashier’s Check-ийн арын хуудсанд байгаа Endorsement Signature хэсэгт гарын үсэг зурж болохгүй. Money order, Cashier’s check бөглөх дараах заавартай танилцана уу.

- Шуудангийн дугтуйнд бэлэн мөнгө хийж болохгүйг анхаарна уу.
- Аливаа Money order, Cashier’s check-ийн худалдан авсан баримт /Receipt/-ыг ЕКГ-т илгээхгүй, өөрийн хэрэгцээнд хадгална уу.

- Төлбөр дутуу эсхүл илгээгүй орхисон тохиолдолд тухайн үйлчилгээг бүртгэж, баталгаажуулах боломжгүй тул шуудан илгээхээс өмнө төлбөрийг хавсаргасан эсэхээ дахин нягтлан шалгана уу.