Ерөнхий консулын мэндчилгээ

2022-10-21


 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын цахим хуудсанд тавтай морилно уу.

Манай Ерөнхий Консулын газар 2012 онд байгуулагдсан бөгөөд Калифорни, Орегон, Вашингтон, Невада, Юта, Аризона, Айдахо, Монтана, Вайоминг, Колорадо, Нью Мексик, Оклахома, Техас, Хавай, Аляска зэрэг АНУ-ын 15 мужийг хамарсан консулын тойрогт үйл ажиллагаа явуулж байна.

Консулын тойрогт оршин суугаа болон зорчиж буй Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг хүргэх, шаардлагатай үед зохих туслалцаа, дэмжлэг үзүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Дэлхийн инноваци, технологийн гол цэг болсон Сан Франциско хотод суугаа манай Ерөнхий консулын газар нь уламжлалт консулын үйлчилгээг тогтмол үзүүлэхээс гадна "Иргэнд чиглэсэн – Цахим ба Хүртээмжтэй" консулын газрыг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийг дэмжих, тэр дундаа Америкийн баруун бүсийн технологи, инноваци, гарааны бизнесийн өргөн боломжийг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбох, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд онцгой анхаарч байна.

Тухайн консулын тойрогт ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодтой нягт хамтран ажиллаж, монгол хэл, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй монгол сургууль, соёлын төв, байгууллага, иргэдийн санаачилга, идэвх оролцоог дэмжихийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Бид Та бүхний дуу хоолой, шинэлэг санал, санаачилга бүрт нээлттэй байж, хамтдаа хөгжих болно.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхны дээдийг ерөөе.

Ж.СОЁЛМАА

ЕРӨНХИЙ КОНСУЛ