images

МҮОХ-НЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2022-11-28

1522

Ерөнхий консул Б.Ургамалцэцэг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн зарлигаар биеийн тамир спортыг хөгжүүлэх, Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, спортын өндөр амжилт гаргасан дугуйн спортын мастер Цоодолын Энхбаатар, байт харвааны ОУХМ Самбуугийн Оюунцэцэг нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнасныг Монгол Бахархлын өдрөөр гардуулан өглөө. 
Дугуйн спортын мастер Цоодолын Энхбаатар нь 1978-1988 онуудад Алдар Нийгэмлэг болон Монгол Улсын Шигшээ багт тамирчнаар ажиллаж байсан. Польш Улсад болсон Ах дүү Армиудын тэмцээн, Эрхүүгийн олон өдрийн тэмцээнд амжилттай оролцож явсан. Хот, Улсын аврага шалгаруулах тэмцээнд багаараа удаа дараа алт, мөнгө, хүрэл, медаль хүртсэн ахмад тамирчин юм. Тэрбээр өөрийн амьдарч байгаа Бэй Аэриад монгол шагайн харвааг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2008 оноос хойш жил бүр Америк дахь монголчуудын шагайн харвааны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаагаас гадна дугуйн спортыг олон залуучуудад заан сурган, монголчуудынхаа дунд 8 удаа дугуйн уулзалт тэмцээн зохион байгуулаад байна.
Байт харвааны ОУХМ Самбуугийн Оюунцэцэг нь 1986–1990 онуудад Улсын шигшээ багийн тамирчин байсан. 1986 онд Спортын мастер, 1988 онд Олон улсын хэмжээний мастерын болзолыг хангасан. 1988 оны Сөүлийн Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Бүх ард түмний спортын 7 дугаар наадмын аварга, Улсын болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүдээс удаа дараа хувийн болон багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан. 1985 онд Чехословак улсад болсон, 1986 онд Унгар улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс хүрэл медалийг тус тус хүртсэн. Болгар, Хятад, Сингапур, Орос Улсад болдог олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн тус тус амжилттай оролцож ирсэн билээ.
2004 оноос АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд Калифорн мужид зохион байгуулагддаг байт харвааны тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож компаундын төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2009 онд Австрали, 2013 онд Итали, 2017 онд Шинэ Зеландад болсон Дэлхийн мастеруудын наадамд тус тус амжилттай оролцсон. Эх орондоо хээрийн харвааны төрлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Саут Дакота мужийн Янгтон хотод болсон Байт харвааны хээрийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Өөрөө байт харвааны спортоор хичээллээд зогсохгүй АНУ-д амьдарч байгаа монгол хүүхдүүдэд байт харвааны спортын гайхамшгийг мэдрүүлж, харвалтын мэдлэг, ур чадварыг олгож байна. 
Шагнал гардуулах ажиллагаанд гэр бүл, үр хүүхдүүд болон монголчуудын төлөөлөл оролцож баяр хүргэв.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР