images

СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ, ТЭМДГЭЭР Б.ИЧИНХОРЛОО, Б.ЭНХЖАРГАЛ НАРЫГ ШАГНАВ

Консулын газрын мэдээ

2026-06-04

13

Монгол Улсын соёл, урлагийг АНУ-д сурталчлан таниулах, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Сан Франциско хотод ажиллаж, амьдарч буй Батнасан овогтой Ичинхорлоо, Батхүү овогтой Энхжаргал нарт Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг олгосныг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гардууллаа.

Калифорни мужийн Хөгжмийн багш нарын холбооны Сан Франциско дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ичинхорлоо нь төгөлдөр хуурч, хөгжмийн багш бөгөөд АНУ-д хөгжмийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг хүүхэд, залуусыг бэлтгэх, Монголын хөгжмийн урлагийг олон улсын түвшинд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Түүний шавь нар олон улсын нэр хүндтэй төгөлдөр хуурын уралдаануудад амжилт гаргаж, Нью-Йорк хотын Карнеги Холл зэрэг томоохон тайзнаа тоглож байна. Мөн тэрээр Монголын хөгжмийн бүтээлийг Америкийн олон нийтэд толилуулж, соёлын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.

Б.Энхжаргал нь 20 гаруй жилийн турш Бэй Аэриа орчмын монголчуудын соёл, урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний өв соёл, ардын бүжгийн урлагийг сурталчлан таниулахад хувь нэмэр оруулж иржээ. Тэрээр үндэсний баяр наадам, сар шинийн баяр болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцохын зэрэгцээ өөрийн уран бүтээлийн “Давалгаа” номыг гаргаж, олны хүртээл болгосон байна. Түүнчлэн соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг нэгтгэх, үндэсний уламжлалаа хойч үедээ өвлүүлэх үйлсэд хүчин зүтгэж иржээ. 

Монголын соёл, урлагийг хилийн чанадад сурталчлан таниулж, үндэсний өв уламжлалаа хадгалан хөгжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг өргөх үйлсэд хувь нэмэр оруулж буй Б.Ичинхорлоо, Б.Энхжаргал нарт Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мнөхбаатар баяр хүргэж, цаашдын ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.