images

МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ САН ФРАНЦИСКО ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Консулын газрын мэдээ

2026-10-24

70

Хилийн чанадад монгол хэл, соёлын сургалт явуулж буй багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой Монгол хэлний багш нарын ээлжит сургалт АНУ-ын Сан Франциско хотноо 2026 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, "Өв хэл" сургалтын төв, АНУ-ын Иллиной мужийн Глэнвиү хотын Боловсролын 34-р дүүрэг, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Гэр хүүхдийн төв” хамтран зохион байгуулсан уг сургалтаар өв хэлний сургалтын өнөөгийн байдал, суралцагчдын онцлогт тохирсон заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, багш бэлтгэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэж, багш нар харилцан туршлага солилцов. Сургалтын нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа оролцож, үг хэлэв. Тэрээр монгол хэл нь үндэсний өвөрмөц онцлог, түүх, соёл, үнэт зүйлсийг үеэс үед уламжлуулах оюуны үнэт өв болохыг онцлоод, хилийн чанадад өсөж торниж буй монгол хүүхдүүдийг эх хэл, өв соёлтой нь холбох чухал үүрэг гүйцэтгэж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлд талархал илэрхийлэв. Түүнчлэн олон хэл, соёлын орчинд өсөж буй хүүхдүүдэд монгол хэлийг үр дүнтэй заах арга зүйг хөгжүүлэх, олон улсын өв хэлний сургалтын сайн туршлагыг нэвтрүүлэх, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү сургалт чухал ач холбогдолтойг тэмдэглэж, оролцогчдод амжилт хүсэв. Тус сургалтыг Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ удирдан явуулж, АНУ-аас гадна ХБНГУ, БНЧУ-аас монгол хэлний багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл зорин ирж оролцож байна.