ЦАХИУРЫН ХӨНДИЙН ЁСЛОЛЫН АЛБАНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа Цахиурын хөндийн Ёслолын албаны тэргүүн Дианна Трайон, зохион байгуулалтын захирал Мариам Мүдүролу нартай уулзаж, Монгол Улс болон Цахиурын хөндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Цахиурын хөндийн Ёслолын алба нь тус хөндийд ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын төлөөлөгчид болон орон нутгийн байгууллага, бизнесийн хүрээний хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын айлчлал, уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад чиглэн ажилладаг байгууллага юм.
Уулзалтаар Талууд технологи, бизнес, боловсрол, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын төр, хувийн хэвшлийг Цахиурын хөндийн тэргүүлэх компани, байгууллагуудтай холбох, хамтарсан арга хэмжээ, санаачилга хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.