МОНГОЛ УЛС БОЛОН БЭЙ АРИА БҮСИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН САЛБАРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАВ
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Бэй Аэриа бизнес зөвлөлийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Алекс Фоард тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Бэй Аэриа бизнес зөвлөл нь (https://www.bayareacouncil.org/) 1945 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүс нутгийн 375 гаруй томоохон аж ахуйн нэгж, компаниудыг эгнээндээ нэгтгэж, эдийн засаг, технологи, орон сууц, тээвэр, ажиллах хүч, ус, эрчим хүч, уур амьсгал болон олон улсын бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа, бодлогын нөлөөлөл, талуудын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Уулзалтын эхэнд Ерөнхий консул Ж.Соёлмаа Монгол Улсын Ерөнхий консулын газар болон Бэй Аэриа Зөвлөлийн хооронд өмнөх жилүүдэд тогтсон эерэг, бүтээлч харилцааг өндрөөр үнэлж, тус байгууллага Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрээр энэхүү сууринд түшиглэн бизнес, технологи, хөрөнгө оруулалт, боловсрол, тогтвортой хөгжлийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Талууд Монгол, Калифорни болон Сан Франциско, Бэй Аэриа бүсийн эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ хүрээнд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, цахим засаглал, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөдөө аж ахуй, ноолуур зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, боловсрол болон ажиллах хүчний хөгжлийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.
Мөн Монголын аж ахуйн нэгж, гарааны бизнесүүдийг Бэй Аэриа Зөвлөлийн гишүүн компаниуд, хөрөнгө оруулагчид, технологийн хурдасгуур хөтөлбөрүүд, их сургууль болон судалгааны байгууллагуудтай холбох, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах цахим уулзалт болон бизнесийн дугуй ширээний уулзалт зохион байгуулах боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн цэвэр эрчим хүч, уур амьсгалын технологи, усны менежмент, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг Бэй Аэриагийн байгууллага, компаниудтай холбоо тогтоох, бизнес болон инновацын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг дэмжих, Монголын бизнес эрхлэгчдийг холбогдох арга хэмжээ, сүлжээнд оролцуулах асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий консулын газар нь Монгол Улс болон Бэй Аэриагийн компани, хөрөнгө оруулагч, их сургууль, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд гүүр болж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд цаашид тогтмол харилцаатай байж, хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны тодорхой санаачилгыг үргэлжлүүлэн судлах сонирхлоо илэрхийллээ.