images

САН ФРАНЦИСКО ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ЦААШИД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДАА ТОДОРХОЙЛОВ

Консулын газрын мэдээ

2026-09-04

49

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа Сан Франциско хотын Худалдааны танхимын Ажлын албаны дарга Анита Хуантай уулзаж, Монгол Улс болон Сан Франциско хот, Бэй Ариагийн бизнес, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ерөнхий консул Калифорни муж, ялангуяа Сан Францискогийн Бэй Ариа нь технологи, венчур хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал, гарааны бизнесийн дэлхийн тэргүүлэх төв болохыг онцолж, Монголын компани, мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг тус бүс нутгийн бизнес, инновацын сүлжээтэй илүү нягт холбох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Анита Хуангийн зүгээс Сан Франциско хотын Худалдааны танхимаас тус хотод буй бизнес эрхлэгч нарыг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах салбарт хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар тайлбарлав. Ерөнхий консул Сан Франциско хотод үйл ажиллагаа эрхэлж буй монголчуудын жижиг, дунд бизнесийг Танхимын гишүүн компаниуд, харилцагчид, түгээгчид, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбох, сүлжээний арга хэмжээ, сургалт, бизнес уулзалтад оролцоход нь дэмжлэг үзүүлэх боломжийг өргөжүүлэхийг санал болгов.

Талууд хамтарсан бизнес, инновацын форум, дугуй ширээний уулзалт зэргийг зохион байгуулах, уул уурхайн технологи, чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, ноолуур, аялал жуулчлал, дижитал үйлчилгээний чиглэлээр компани, хөрөнгө оруулагчдыг холбох, Монголын гарааны бизнесүүдийг Бэй Ариагийн хөрөнгө оруулагчдад танилцуулах зэргээр бодит хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн Сан Францискогийн олон улсын долоо хоногийн хүрээнд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, Монголын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөв.