images

Мэдээ

Консулын газрын мэдээ

2026-07-11

98

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээг Сан Франциско хотын захиргаатай хамтран 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. 

Ёслолын арга хэмжээнд Сан Франциско хотын захиргааны Ёслолын албаны дарга хатагтай Пенни Коултер, Монгол Улсаас Сан Франциско суугаа Ерөнхий консулын газрын консул Ц.Орхонтулга нар үг хэлэв. Хатагтай П.Коултер хэлсэн үгэндээ Монгол Улсын Төрийн далбааны бэлгэдлийн талаар дурдаад, Монголчууд нүүдэлчин ахуйгаас улбаатай ёс заншлын ондоошлыг дэлхийд сурталчлан таниулж буйг онцлон тэмдэглэв.  Консул Ц.Орхонтулга хэлсэн үгэндээ Үндэсний их баяр наадам нь Монголын тусгаар тогтнол, төрт ёсны уламжлал, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг хамгийн эрхэм баяр болохыг тэмдэглээд, АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд эх хэл, соёл, уламжлалаа өвлөн хадгалж, суугаа улсын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, Монгол Улс, АНУ-ын ард түмнийг холбосон гүүр болж байгаад талархал илэрхийлэв.  

Арга хэмжээнд Бэй Аэриагийн Монголчуудын холбоо болон жижиг дунд бизнес эрхлэгчид зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд “Гэр төв”-ийн дэргэдэх "Би Монгол" сургуулийн морин хуурын ангийн сурагчид Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв. Түүнчлэн “Жалам хар”, “Татлагын холбоо” зэрэг монгол аялгуугаар зочдын сонорыг мялаав.