images

САН ФРАНЦИСКО ХОТЫН “RECOLOGY ZERO WASTE” ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2026-05-08

121

Улаанбаатар хотын Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний хувийн компаниуд болон хяналтын албаны захирал Б.Жаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хот дахь “Recology Zero Waste” хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр танилцав. Уулзалтын үеэр талууд хотын хог хаягдлын менежмент, ангилан ялгах иргэдийн дадлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй тогтвортой тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, туршлага судлав. Түүнчлэн хог хаягдлыг ангилан ялгах шат дамжлагуудтай танилцаж, газарт булагдах хог хаягдлын хэмжээг бууруулах бодлого, хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Тус үйлдвэр нь Сан Франциско хотын хог хаягдлын менежментийн үндсэн оператор байгууллага бөгөөд дахин боловсруулах, бордоо боловсруулах болон олон нийтийн экологийн боловсролыг дэмжих чиглэлээр АНУ-д тэргүүлэх туршлагатай байгууллагад тооцогддог байна. Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ангилсан болон ангилаагүй хог хаягдлыг цуглуулан, 10 төрөлд салган, үүнээс дахин боловсруулах /цэнхэр/, бордоо үйлдвэрлэх /ногоон/ болон газарт булах /хар/ гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг байна.

Сан Франциско хот нь хог хаягдлыг дахин ангилан боловсруулах үзүүлэлтээрээ АНУ-д тэргүүлэгч хотуудын нэг юм. Хүнсний хог хаягдлаар органик бордоо боловсруулж улмаар байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх талаар олон нийтийн мэдлэгийг өргөжүүлэх хүрээнд үйлдвэрийн удирдлагын зүгээс ерөнхий боловсролын сургуулиудад бордоо хандивлах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Тус үйлдвэр 100 гаруй ажилчинтай бөгөөд БНФУ-ын автомат ангилан ялгах ухаалаг технологийг ашиглан өдөрт хэдэн мянган тонн хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулалтад бэлтгэдэг байна.