images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАР САН ФРАНЦИСКО ХОТЫН ДУУРИЙН ТЕАТРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ МЭТТЬЮ ШИЛВОКТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-03-26

7

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын дуурийн театрын Ерөнхий захирал Мэттью Шилвоктой 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хоёр орны дуурийн байгууллагууд хоорондын шууд харилцаа тогтоох боломжийг судлах талаар ярилцаж, Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг олон улсын түвшинд дэмжих талаар санал солилцож, мэдээлэл авав.

Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн нэрт баритон дуучин Э.Амартүвшин 2025 оны 9 дүгээр сард тус театрт тоглогдсон Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппи Вердигийн  “Риголетто” дуурийн гол дүрийг бүтээсэн. Тэрээр Вердигийн дуурийн дүрүүдийг баритон хоолойн уран чадвар, жүжиглэлтийн өндөр түвшинд амилуулж ирсэн бөгөөд энэ оны мөн 9 дүгээр сард “Симон Бокканегра” дуурийн гол дүрд уригдан тоглоно.     

Ерөнхий захирал Мэттью Шилвок нь урлагийн салбарт хорь гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд түүний удирдлага дор Сан Франциско хотын дуурийн театр нь дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлсээр байна. “War memorial Opera house” нь 1932 онд байгуулагдсан АНУ-ын томоохон дуурийн театруудын нэг бөгөөд 3000 гаруй үзэгч хүлээн авах хүчин чадалтай аж.