images

“DOUGHERTY VALLEY HIGH SCHOOL” АХЛАХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2026-03-25

82

Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Рамон хотын “Dougherty Valley High School” ахлах сургуульд зочилж, тус сургуулийн зарим багш, сурагчидтай уулзаж ярилцахын зэрэгцээ сургуулийн орчин нөхцөл, сургалтын анги, танхим, хичээлийн үйл явцтай танилцав.

Энэ үеэр Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус сургуулийн сонирхсон багш, сурагчдад Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулж, чөлөөт ярилцлага хийв. Уулзалт ярианд оролцогчид Монголын нүүдлийн соёлын тухай яриаг онцолж, Монголчууд олон зууны туршид нүүдлийн соёлоо хэрхэн хадгалж ирсэн болон залуу хойч үедээ хэрхэн өвлүүлж буй талаар асууж сонирхов.

“Dougherty Valley High School” ахлах сургууль нь анх 2007 онд төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдан, зөвхөн 9 дүгээр ангийн сургалттай ахлах сургуулиар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 9-12 дугаар ангийн хоёр мянга есөн зуу гаруй сурагчидтай, Калифорни муждаа төдийгүй улсын хэмжээнд коллеж, их, дээд сургуульд элсэн сурагчдыг амжилттай бэлтгэдэг ахлах сургуулиудын нэг болтлоо өргөжжээ.