images

МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ Д.БААСАНБАТАД “АЛТАНГАДАС” ОДОН ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2026-03-17

19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, АНУ-д оршин суугаа багш Дуламсүрэн овогтой Баасанбатыг төрийн дээд шагнал болох “Алтангадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, баяр хүргэв.

Багш Д.Баасанбат нь боловсролын салбарт 48 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, олон мянган шавь бэлтгэн, залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр өдгөө АНУ-ын Лос Анжелес хотод амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, ёс заншлыг өвлүүлэн таниулах, хэл яриаг нь хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.