images

“ИХ НҮҮДЭЛЧИД” БАРИМТАД ЦУВРАЛ Г.АНУУЖИНГИЙН ТҮҮХИЙГ ОНЦЛОВ

Консулын газрын мэдээ

2026-01-08

14

МУЭ-ийн шагналт зураач, барималч, уран хайчилбарч С.Төрбурам, кино найруулагч П.Дэлгэрбаяр, жүжигчин, найруулагч В.Наран-Амгалан нарын санаачилгаар бүтсэн “Их нүүдэлчид” баримтат киноны хоёр дахь цуврал шинэ оны босгон дээр МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү цуврал нь Ганзоригийн Ануужин охины түүхийг онцлон харуулснаараа онцлог юм.

Г.Ануужин АНУ-д төрж, өсөн торнисон ч дөрвөн настайгаасаа эх болсон монгол хэлээ ээж Б.Нарантуяагийн чин сэтгэл, зүтгэлийн үрээр сурч, монгол соёл, уламжлал, эх хэлний яруу тансагт дурласан бөгөөд тус баримтад кинонд эх, охин хоёрын монгол хэлээ хэрхэн амжилттай сурсан тухай түүхийг бодитоор харуулсан байна.

Б.Нарантуяа охиноо багаас нь жүжигчин, найруулагч В.Наран-Амгаланд шавь оруулж, монгол хэл сурах бат суурийг тавьжээ. Ингэхдээ зөв тод өгүүлэх, уран яруу унших чадварт сургаж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод дадлага хийлгэн, эх хэлний дархлаа, амин чанарыг хадгалахын төлөө тасралтгүй хөдөлмөрлөсөн байна. Баримтат киногоор дамжуулан эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ өдөр тутам монгол хэлээрээ харилцаж, улс үндэстний оршин тогтнохын үндэс болсон эх хэлээ хайрлан хамгаалах сэтгэлийг төлөвшүүлэхийн чухлыг онцолжээ.

АНУ-ын “Academy of Art University”-д жүжигчин мэргэжлээр суралцаж буй Г.Ануужин сургуулиа төгсөөд Монгол Улсад ирж, мэргэжлээрээ ажиллахаар төлөвлөжээ.