МОНГОЛ УРЛАГ СОЁЛЫН ТӨВИЙН МОРИН ХУУРЫН СУРГАЛТЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монгол урлаг соёлын төвийн морин хуурын сургалтын 2025 оны тайлан тоглолт 12 дугаар сарын 07-ны өдөр ёслол төгөлдөр болж, анхан шатны суралцагчдаас эхлээд ахисан түвшний сурагчид, багш нар хамтран морин хуурын уянгалаг аялгуу эгшиглүүлэв.
Тайлан тоглолтын үеэр хүүхэд залуус төдийгүй гадаад улсын иргэд сурсан мэдлэг, ур чадвараа үзэгч олонд толилуулав. Түүнчлэн тус төвийн сургалтад гадаад улсын иргэд хамрагдан суралцаж, морин хуурыг улам гүнзгий сурч мэдэхийн тулд монгол хэлийг мөн сонирхон судалж буй нь онцлог юм.
Тус арга хэмжээг хааж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар үг хэлэхдээ “Монголын урлаг, соёлыг гадаад оронд сурталчилж, хүүхэд залуусыг үндэсний үнэт зүйлээ өвлөн уламжлахад Монгол урлаг соёлын төв чухал хувь нэмэр оруулж буйг дурдаад олон үндэстний дунд өөрсдийн дархаа болсон өв соёлоо авч үлдэхээр хичээл зүтгэл гаргаж буй нийт сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагчдад талархал илэрхийлэн ирэх ондоо илүү ихийг бүтээж, эрч хүчээр дүүрэн байхыг хүсэн ерөөв”.