images

📖 “МОНГОЛ НОМЫН БУЛАН” – МОНГОЛЫН СОЁЛЫГ ТАНИУЛАХ ШИНЭ ГҮҮР

Консулын газрын мэдээ

2025-11-08

58

Сан Франциско хотын Нийтийн номын санд “Монгол номын булан” нээх арга хэмжээг Ерөнхий консулын газраас санаачлан 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус номын санд зохион байгуулав. Бэй Аэриа болон АНУ-ын бусад мужид оршин суугаа монгол иргэдийн хандивласан Монгол Улсын түүх, утга зохиол, соёл, аялал жуулчлалын сэдэвтэй монгол болон англи хэл дээрх 300 гаруй номыг Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус номын сангийн дарга Майкл Ламбертад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Ном гардуулах ёслолын үеэр МУСТА А.Амуунаа, Amuunaa’s Dance Studio-гийн авьяаслаг бүжигчид болон Mongolian Arts & Education Center морин хуурчид урлагийн үзүүлбэр толилуулж, монголын соёл урлагийг сурталчлав.

Тус номын сан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 101 жилийн ойд зориулан “Монгол номын үзэсгэлэн”-г 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан бөгөөд номын бүртгэлжүүлэлт дууссаны дараа “Монгол номын булан”-г 2026 оноос албан ёсоор олон нийтэд нээхээр төлөвлөж байна. Энэ булан нь Монголын соёл, түүхийг олон нийтэд таниулах чухал гүүр болох юм.