images

В.НАРАН-АМГАЛАНД “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-09-09

43

Ерөнхий консул Б.Мөнхбаатар жүжигчин, найруулагч Ванчигсүрэнгийн Наран-Амгаланд 2025 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, үнэмлэхийг гардуулж, баяр хүргэлээ.

В.Наран-Амгалан нь УБДС-ийн Кино, драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн, кино урлагийн “Харцага” дээд сургуульд багш, “Бэрс” дээд сургуульд урлангийн удирдагч, “Язгууртны ордон” театрын үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаад АНУ-д иржээ. Монгол хэл, соёл, өв уламжлалаа нандигнан хайрладаг тэрээр монгол хүүхдүүдэд монгол хэл, жүжигчний ангийн сургалтыг ганцаарчлан зааж, "International Performing Arts", "Barbizon" зэрэг компаниудад ажиллаж байжээ.

Монгол хүний оюун санааны дархлаа эх хэлтэй салшгүй холбоотой гэж үздэг В.Наран-Амгалан Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, барималч, уран хайчилбарч С.Төрбурамын хамт “Их нүүдэлчид” баримтад киноны хоёр дахь цувралыг АНУ-д өсөж торнисон, гарын шавь Н.Анужины жишээ дээр суурилан бүтээж байна. Тус баримтад кино нь эх орноосоо алс хол амьдарч буй ээж Б.Нарантуяа охин Н.Анужиндаа монгол хэл эзэмшүүлж, түүгээр дамжуулан монгол соёл, уламжлалд хэрхэн дурлуулсан тухай эх, охин хоёрын хичээл зүтгэлийг харуулах бөгөөд тус кино нь эцэг, эхчүүдэд монгол хэлээ хайрлах сэтгэл, үр хүүхдүүддээ өвлүүлэх сэрэмж, дохио өгөх зорилготой юм.

Түүнчлэн В.Наран-Амгалан, С.Төрбурам нар монгол язгуур сэтгэлгээ, гүн ухааныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө “Замилангийн наран” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 12 баримал барихаар төлөвлөсөн бөгөөд “Агсам хүлэг эрх чөлөө”, “Анирлуулагч хүн шувууны сахиус”, “Мөнх тэнгэрийн амар амгалан”, “Далд ертөнцийн увидас” зэрэг металл бүтээлүүд нь “Burning man” олон улсын соёлын арга хэмжээний шилдэг бүтээлээр 2022-2025 онуудад шалгарч, олон улсад Монгол Улсыг сурталчилж байна.