МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛЛЫН ШАГНАЛ ХҮРТЭВ
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн Лувсандашийн Батмөнх байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан хүмүүст олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг Голдманы нэрэмжит шагналын эзэн болсонтой нь холбогдуулан Ерөнхий консул Б.Мөнхбаатар ЕКГ-т хүлээн авч уулзав.
Энэ шагнал нь тив тус бүрээс зөвхөн нэг улсын нэг хүнд олгодог өндөр шалгууртай шагнал юм. Эдүгээ 80 нас хүрсэн Л.Батмөнх амьдралынхаа олон жилийг говь нутгийн байгаль хамгаалах үйлсэд зориулж нутаг орноо аймаг, улсын тусгай хамгаалалттай газраар баталгаажуулах, говийн эмзэг эко системийг унаган төрхөөр нь үлдээх, нутгийн хилийн цэс, түүх соёлын дурсгалыг хамгаалахаар судалгаа баримт цуглуулж, нутгийн иргэдийн хамтаар манлайлан оролцож явжээ.
Тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хагас сая га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулжээ. Ингэснээр тухайн бүс нутгийн аргаль, хулан зэрэг нэн ховор зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж чадсан байна.