images

ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2025-04-16

29

АНУ-ын Баруун эргийн нэр хүндтэй их сургуулиуд болох “Stanford”, “Berkeley”-гийн их сургуулиар аялан, туршлага судалсан Лос Анжелес хотын ахлах сургуулийн 40 сурагч болон тэдний эцэг эхчүүд Ерөнхий консулын газарт зочлов.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар сурагчдыг хүлээн авч уулзан тус ЕКГ-ын үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдэнд алсын хараагаа зөв тодорхойлох, зорилгодоо хүрэхийн тулд тууштай, хичээнгүй суралцахын чухлыг онцлон зөвлөлөө.

Уулзалтын үеэр “The Brilliant Minds” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Н.Болортуяаг Ерөнхий консулын газрын талархал, Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнасан бол тус холбооны дээд шагнал болох “Оны шилдэг сурагч”-аар Б.Энхжаргал, Б.Энхжин, Ц.Цогжавхлант, П.Баттөр, Б.Анужин нарыг шагналаа. Мөн Лос Анжелес хотод консулын үйлчилгээ үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэн сурагчид болох М.Батхүү, Б.Урангоо, Б.Энхжаргал нарт талархлын бичиг гардуулав.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурынхны Дээд шагналаар шагнагдсан “The Brilliant Minds” ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Болортуяа болон АНУ-ын Ерөнхийлөгчийн “Volunteer Service Awards” алтан медалиар шагнуулсан Б.Урангоо, Г.Анар, Д.Хулан нарт баяр хүргэлээ.

“The Brilliant Minds” төрийн бус байгууллага хоёр дахь жилдээ энэхүү туршлага судлах аяллыг зохион байгуулж буй бөгөөд сурагчид зөвхөн их сургуулиудын үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй, Цахиурын хөндий дэх “Google”, “Meta”, “Intuit” зэрэг дэлхийн технологийн томоохон компаниудад ажиллаж буй монгол инженерүүдтэй уулзаж, ирээдүйн мэргэжил сонголт, хөгжлийн талаар харилцан ярилцсан нь онцлох үйл явдал боллоо.