images

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-12-11

76

АНУ тэр дундаа Бэй Аэриа орчимд буй их сургуулиудтай хамтран ажиллаж сургалт, судалгааны солилцоо, академик харилцааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалт хийж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Санхүү, Захиргаа хариуцсан дэд захирал Б.Энхбаярыг Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус ЕКГ-т хүлээн авч уулзав.

МГТИС нь амжилттай суралцаж буй оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлөх, семистер солилцооны хөтөлбөр, компанийн нэрэмжит тэтгэлэг зэрэг олон төрлийн тэтгэлэгт хамруулдаг бөгөөд оюутнууд 100 хувь ажлын байртай төгсөж байна. Ерөнхий консул Б.Мөнхбаатар ЕКГ-ын консулын тойрогт хамаардаг их сургуулиудтай тус сургуулийг холбох, эх орондоо буцахаар төлөвлөж буй АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг тус сургуульд ажиллуулах, энд төрж өссөн монгол хүүхдүүд болон манай улсыг сонирхон судалдаг оюутнуудыг тус сургуулийн зуны сургалтад хамруулах зэрэг боломжийн талаар ярилцав.

МГТИС нь Монгол, Герман хоёр орны Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан. Монгол Улсдаа төдийгүй Азийн бүс нутагт инженер технологийн тэргүүлэх их сургууль болох зорилготой. МГТИС-ийн сургалт англи хэл дээр явагддаг бөгөөд Монгол Улсдаа анхны хотхон их сургууль юм. 

Ерөнхий консул Б.Мөнхбаатар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Санхүү, Захиргаа хариуцсан дэд захирал Б.Энхбаяр нар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Беркли дэх Калифорнийн их сургуулийн удирдлагуудтай уулзана.