САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛУУД, ГЭРГИЙН ХАМТ “THE ART OF ZAYA” ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ЗОЧЛОВ
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан Монгол Улсын Соёлын элч, зураач Самбуугийн Заяасайхантай хамтран зохион байгуулсан “The Art of Zaya” үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр тус хотод суугаа Ерөнхий консулууд, гэргийн хамт тус ЕКГ-т хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочлолоо.
Тус хотод нийт гадаад 41 улсын Ерөнхий консулын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ерөнхий консулын гэргий нар “The Legion of the San Francisco Consular Corps (LSFCC)” клубд нэгдэж, өөрийн улс орны соёл урлаг, түүх уламжлалаа сурталчилж, Бэй Аэриад сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий консулын газрын урилгаар тус клубын гишүүдийн төлөөлөл болж Вьетнам, Гүрж, Итали, Нидерланд, Өмнөд Солонгос, Перу зэрэг улсын Ерөнхий консулууд, гэргийн хамт хүрэлцэн ирж, зураачийн бүтээлүүдийг үзэж, сонирхов.
Соёлын элч, зураач С.Заяасайханы уран бүтээлүүд нь тод өнгө, хүчтэй илэрхийлэмж, амьд өгүүлэмжтэй байдаг бөгөөд монгол үнэртсэн зураачийн уран бүтээлүүд монголын дүрслэх урлагийн хөгжлийг АНУ, тэр дундаа Бэй Аэриа орчимд сурталчилсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.