images

АРИЗОНАГИЙН ИХ СУРГУУЛИАР ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2024-10-24

54

Ерөнхий консул Б.Мөнхбаатар 10 дугаар сарын 22-ны өдөр Аризонагийн Их сургуульд зочилж, Аризона интернэйшнлийн дэд ерөнхийлөгч бөгөөд Олон улсын боловсролын декан Женни Ж.Ли, тус сургуулийн Олон улсын элсэлт, бүртгэлийн албаны захирал Кэти Ван Вайк болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.

Аризонагийн Их сургууль нь Микро кампус сүлжээ хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд одоогоор дэлхийн 13 улсын их сургуулиудтай хамтарч оюутнуудад хос диплом олгож байна. Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ уг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж хийгээд Монголын их, дээд сургуулиудтай оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйд олон жил антрополгийн чиглэлээр судалгаа хийж буй профессор Жон В.Олсентэй уулзаж, эрдэмтэн судлаачдыг солилцох, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Жон В.Олсен нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улс орнуудад, Орос, Хятад (ялангуяа Түвд) болон Монголд археологийн судалгаа хийж ирсэн нэр хүндтэй эрдэмтэн юм.

Аризонагийн Их сургуульд манай улсаас 8 оюутан суралцаж байна. Компьютер, бизнесийн чиглэлээр суралцаж буй 4 оюутантай Ерөнхий консул уулзаж, ЕКГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, эв нэгдэлтэй байж, хүрээллээ тэлж, өөрийгөө хөгжүүлэхийн чухлыг дурдаж, сурлагын амжилт хүсэв.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар өнөөдөр тус мужид ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзана.