images

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, САЛБАРЫН ЦОЛ ТЭМДГЭЭР ЗАРИМ ИРГЭНИЙГ ШАГНАВ

Консулын газрын мэдээ

2024-10-15

154

АНУ-ын Бэй Аэриа орчимд амьдарч, ажиллаж буй зарим иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар болон Засгийн газрын шагналаар шагнасныг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус ЕКГ-т гардууллаа.

АНУ-ын Колорадо мужийн "Монгол" сургуулийн үүсгэн байгуулагч Цэгмидийн Энхдүүрэн, “Alphabet kids day care” төвийн үүсгэн байгуулагч Болчулууны Буянханд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 139 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа.

Ц.Энхдүүрэн нь Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын боловсролын салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Монголд элэгтэй-Дэлхийн иргэнийг төлөвшүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулан Монгол-Америк хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Хойд Америк тив дэх Салбар зөвлөлийн гишүүн Ц.Энхдүүрэн нь “Монгол хэл, соёлын хөтөлбөр” эмхэтгэн гаргаж, эх орноосоо хол өсөн торниж буй хүүхдүүдэд монгол хэл, соёл уламжлалыг өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж байна.

Б.Буянханд нь “Alphabet kids day care” -ийн үүсгэн байгуулж, 14 жилийн хөдөлмөрөө зориулахдаа монгол хүүхдүүд болон тус цэцэрлэгт хүмүүжиж буй бусад орны хүүхдүүдэд монгол соёл, түүх уламжлалаа таниулан сурталчлах чиглэлээр идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. Бэй Аэриагийн Монголчуудын бизнес зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр АНУ-ын Бэй Аэриа орчимд оршин суугаа Монголчуудын дунд олон арга хэмжээ зохион байгуулж, “Монгол бизнесээ сурталчлья” богино видео бичлэгийг сошиал орчинд түгээж, АНУ-д бизнес эрхэлж буй иргэдээ дэмжин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын шагнал, Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Дулмаагийн Одонг шагнав.

Д.Одон нь 1983 онд Орос Хэлний Багшийн Дээд сургуулийн " Үе Тэнгийнхэн" хамтлагийг байгуулснаас хойш 40 гаруй жилийг гитар хөгжим, урлагтай хамт өнгөрүүлж, "Хөх Монгол", "G Band" хамтлагуудыг АНУ-д байгуулан Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадам, урлаг соёлын арга хэмжээнд оролцож, монгол дуу хуурыг түгээн сурталчилж байна. 

Ерөнхий консул Б.Мөнхбаатар монгол хэл, соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй дээрх иргэдэд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.