images

САН ФРАНЦИСКО РОТАРИ КЛУБЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-09-25

60

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско Ротари клубын Ерөнхийлөгч Боб Херманнийг өнөөдөр /2024.09.24/ тус ЕКГ-т хүлээн авч уулзав. Энэ оны 7 сард тус клубын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр Ротаричуудын алсын хараа, зорилго хийгээд хийсэн ажлуудын талаар танилцуулав.

Сан Франциско Ротари клуб нь эрүүл мэнд, сайн сайхан амьдрал, ялгаатай байдал, тэгш эрх, байгаль орчин, эдийн засаг, энх тайвныг бий болгох, залуусыг дэмжих, оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 800 мянга гаруй ам.долларын хөрөнгө босгож, дотооддоо болон олон улсад хүмүүнлэгийн ажил хийсэн байна. Тус клуб нь байгалийн гамшгийн улмаас сүйдсэн сургууль цэцэрлэгийн барилгыг сэргээн босгох, сургууль цэцэрлэгүүдийн усан хангамжийг сайжруулах, уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд туслах зэрэг олон чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий консул Б.Мөнхбаатартай цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Сан Франциско Ротари клуб нь дэлхийн 200 гаруй улс дахь 34 мянга гаруй Ротари клубуудын түүчээ болж 1908 онд байгуулагдсан хамгийн анхны клубуудын нэг бөгөөд эрүүл нөхөрлөл, идэвхтэй хамтын ажиллагаагаар дамжуулан нийгэмд дэмжлэг үзүүлэх зорилготой сайн дурын байгууллага юм.