images

САН ФРАНЦИСКО ХОТЫН ӨРГӨМЖЛӨЛ ГАРДАН АВАВ

Консулын газрын мэдээ

2024-05-15

2860

Сан Франциско хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Танхим (San Francisco Board of Supervisors)-аас “Ази, Номхон далайн Америкчуудын өв дурсгалын сар” цуврал арга хэмжээг тохиолдуулан өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатарт хүндэт өргөмжлөл гардуулав.

Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга Аарон Пескин уг өргөмжлөлийг гардуулахдаа хэлсэн үгэндээ “Хорь гаруй жилийн өмнөөс АНУ-д суурьшин амьдарч эхлээд буй Монголчууд тооны хувьд олуулаа биш боловч нягт хамтран ажилладаг хөдөлмөрч коммунити юм. Монголчууд бахархал болсон түүх, соёлын онцгой шинж чанараа хадгалан Азиуд дундаас ялгаран харагддаг. Манай хотын баялаг болсон олон үндэстнийг улам чимж буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын хүчин чармайлтыг нь бэхжүүлэхэд онцгой анхаарч буй Ерөнхий консул Б.Мөнхбаатарт Сан Франциско хотод оршин сууж буй Монгол коммунитиг төлөөлүүлэн энэхүү өргөмжлөлийг гардуулж байна” гэв.