images

МАРК ФАРРЕЛЛ МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-05-14

2377

Сан Франциско хотын даргын сонгуульд нэр дэвшиж буй тус хотын ИТХ-ын төлөөлөгч асан Марк Фаррелл Бэй Аэриа дахь Монголчуудын төлөөлөлтэй 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ЕКГ-т хүрэлцэн ирж уулзалт хийв.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ АНУ-д 25-30 жилийн өмнө Монголчууд ирж суурьшиж байгаа бөгөөд эдүгээ гуравдугаар үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд гарч ирж буйг дурдаад Калифорн мужид 10 мянга гаруй Монгол иргэд амьдарч буйг онцлов. Нэг зорилгын төлөө нэгдэж, бусдаас мэдлэг, туршлага судлах нь цөөн хүн амтай Монголчуудын хувьд өндөр ач холбогдолтой байдаг талаар дурдав.

Марк Фаррелл уулзалтад ирсэн Монголчуудын төлөөлөлд талархал илэрхийлээд өөрийнхөө талаар мөн Сан Франциско хотын даргын сонгуульд өрсөлдөж буй мөрийн хөтөлбөрөө товч танилцуулав. Тэрээр олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллахаа илэрхийлж, орон гэргүй иргэдийн асуудлыг шийдэж, бизнесүүдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх эдийн засгийг хөгжүүлэх талаар өөрийн алсын харааг хуваалцав.

Уулзалтын үеэр  нэр дэвшигч Марк Фарреллаас Бэй Аэриад жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэдийг хэрхэн дэмжих, Ази иргэдийг ажлын байраар хангах бодлого, иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон сууцны хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх, жижиг улс орнуудын урлаг, соёлыг дэмжих чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг сонирхож, иргэд асуулт асуув.

Марк Фаррелл нь Сан Франциско хотын уугуул иргэн бөгөөд Сан Франциско хотын 44 дэх хотын даргаар ажиллаж байсан. Тэрээр төрийн албанд ажиллахаасаа өмнө хуульч, хөрөнгө оруулалтын банкир байсан бөгөөд хөрөнгө оруулалтын “Thayer Ventures” компанийг үүсгэн байгуулж байжээ.