images

МОНГОЛЧУУДЫН ХОЛБООДТОЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2024-05-05

2178

Ерөнхий консул Б.Мөнхбаатар АНУ-ын Сан Франциско хот дахь ЕКГ-ын тойрогт хамаардаг мужуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбооны тэргүүн нартай 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтад Лос Анжелесийн Монголчуудын Холбооны тэргүүн Э.Батбаясгалан, Сиаттл дахь Монголчуудын холбооны тэргүүн Г.Болорцэцэг, Сакраменто Монголчуудын Холбооны тэргүүн С.Цогтбаатар, Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Сүхээ, А.Ариунтуул, Юта мужийн Монголчуудын Холбооны тэргүүн Т.Авирмэд, Колорадо мужийн Монголчуудын холбооны тэргүүн Ж.Отгонбаяр нар оролцож, холбоодын үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Уулзалтын эхэнд Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус ЕКГ-ын тойрогт хамаардаг Монголчуудын Холбооны тэргүүн нарын цахим уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгааг дурдаж, нэг зорилгын төлөө ажиллаж буй Монголчуудын Холбоод нэгдэж, өөр хоорондоо туршлага хуваалцахын ач холбогдлыг тайлбарлав.

Уулзалтын үеэр тус ЕКГ-ын консул Ц.Орхонтулга УИХ-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл өгч, иргэдийн сонгох эрхийг хангахын төлөө хамтран ажиллахыг хүсэв. Түүнчлэн Лос Анжелесийн Монголчуудын холбооны тэргүүн Э.Батбаясгалан АНУ-д хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс ТББ-ууд хэрхэн санхүүжилт авах тухай туршлага хуваалцав.