images

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗАЛУУС “ЦАХИУРЫН ХӨНДИЙ”-Д УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-01-16

1531

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ “Силкрөүд Инновацийн төв”-тэй хамтран технологи, стартап, академийн салбар дахь Монголчуудын уулзалтыг анх удаа “Цахиурын хөндий”-д байрлах тус төвд 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад “Google”, “Apple”, “Meta”, “Salesforce”, “EBay”, “Palo Alto Networks” зэрэг компаниудад ажиллаж буй монгол залуус болон “Stanford”, “Berkeley” зэрэг сургуулиудад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус нийлсэн 60 гаруй хүн оролцов.

Уулзалтын эхэнд Төв Евразийн шинэ бизнес эрхлэгч болон үүсгэн байгуулагчдад зориулсан “Силкрөүд Инновацийн төв”-ийн хамтран үүсгэн байгуулагч, компаниудад санхүүжилт босгох чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө өгдөг Асрор Арабжанов тус төвийн талаар танилцуулж, Төв Еврази нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр хамгийн бага танигдсан бүс нутаг болохыг онцолж, “Цахиурын хөндий” дэх “Силкрөүд Инновацийн төв”-тэй хамтарч ажилладаг улсуудад үүсэх давуу талын талаар мэдээлэл өгөв.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй залуус хоорондоо танилцаж, туршлага хуваалцаж, залуу үеэ дэмжих нь чухал болохыг дурдаж, цаашид тус төвд дээрх салбарт амжилттай ажиллаж буй гаднын мэргэжилтнүүдээс урьж, сургалт зохион байгуулах боломжтой тухай мэдээлэв.

2023 оны 6 дугаар сард нээлтээ хийсэн “Силкрөүд Инновацийн төв” нь Азербайжан, Узбекистан, Киргиз, Тажикстан улсуудтай түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд Монгол Улс тус төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. “Силкрөүд Инновацийн төв”-ийн байрлаж буй “Цахиурын хөндий” нь стартап компаниудад анхан шатны хөрөнгө оруулалт татах хамгийн таатай газар хэвээр байна. 2021 оны байдлаар “Цахиурын хөндий”-д үйл ажиллагаа явуулж буй компаниудын 37 хувь нь зөвхөн Америк хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авсан бөгөөд тус хөндийд байрлаж буй стартап компаниудад 105 тэрбум ам.долларын анхан шатны санхүүжилт авах боломж нээлттэй байна. Түүнчлэн 2021 онд тус хөндийд үйл ажиллагаа явуулсан 9200 спарт ап компани 1 сая ам.доллараас их санхүүжилт босгож чаджээ.