САН ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАУЛ ФИЦЖЕРАЛД, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛИЙН ДЕКАН Э.ОТГОНЦЭЦЭГ НАРТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Францискогийн их сургуулийн Ерөнхийлөгч Паул Фицжералд болон Менежментийн сургуулийн декан, доктор Эрхэмжамцын Отгонцэцэг нарыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус ЕКГ-т хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Б.Мөнхбаатар Сан Францискогийн их сургуулийн байранд зохион байгуулсан “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспо-2023” арга хэмжээ монгол бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлснийг онцолж, монгол иргэдийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн АНУ-д суралцаж төгссөн шилдэг залуусын чуулга уулзалтыг ирэх оны 3 сард хийхээр төлөвлөж буй талаараа дурдаж, тус уулзалтад доктор Эрхэмжамцын Отгонцэцэгийг оролцож, залууст туршлагаасаа хуваалцахыг хүсэв. Доктор Эрхэмжамцын Отгонцэцэг нь 2005 онд санхүүгийн чиглэлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд “Сан Франциско Бизнес Таймс”-аас зарладаг “2023 оны Бэй Аэриагийн хамгийн нөлөөтэй 100 эмэгтэй”-н нэгээр шалгарсан шилдэг удирдагч юм.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Б.Мөнхбаатар Монгол Улсаас анх удаагаа коллежийн сагсан бөмбөгийн 1 дүгээр дивизоноос тэтгэлэг авсан тамирчин Ш.Энхийн-Одоор дамжуулан Сан Францискогийн их сургуулийг монголчууд илүү сайн мэддэг болсон талаар дурдаж, Донс багийн улирал, Гонзагатай хийх тоглолтод амжилт хүсэв.
Сан Францискогийн их сургуулийн сагсан бөмбөгийн баг, Портландийн их сургуулийн багийг 2024 оны 1 сарын 13-ны өдөр хүлээн авах бөгөөд уг тоглолтыг тус сургуулиас “Ази Америк, номхон далайн бүсийн улсуудыг онцлох үдэш” болгон зарласан. Уг тоглолтын үеэр морин хуурч тоглуулж, монголын соёл урлагийг сагсан бөмбөг сонирхогчдын дунд сурталчлах талаар санал солилцов.
Тус сургуулийн Ерөнхийлөгч Паул Фицжералд “Ази Америк, номхон далайн бүсийн улсуудыг онцлох үдэш”-ийн үеэр монгол уран бүтээлчээр морин хуур хөгжим эгшиглүүлэх саналыг хүлээн авч, шилдэг монгол залуусын уулзалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.