АЗИЙН НИЙГЭМЛЭГИЙН ХОЙД КАЛИФОРНИЙН ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар Азийн нийгэмлэгийн Хойд Калифорнийн төвийн гүйцэтгэх захирал Маргарет Конлитой 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус ЕКГ-т уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулан гаргасан баримтад кинонд эгшиглэсэн морин хуур хөгжмийн талаар танилцуулж, морин хуурч П.Ганзориг, С.Жамган нар аялгуу тоглов. Ерөнхий консул ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур хөгжмийн үүсэл гарал, монголын урлаг соёлын талаар танилцуулж, тус нийгэмлэгээс зохион байгуулж буй арга хэмжээнд монголын уран бүтээлчдийг оролцуулах талаар ярилцав. Түүнчлэн цөөн хүн амтай, далайд гарцгүй орны хувьд дуу хоолойгоо бусад улс орнуудад хүргэж, түгээхэд Азийн нийгэмлэг чухал ач холбогдолтой болохыг онцолж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Хатагтай Маргарет Конли монголын урлаг соёл, тэр дундаа хөөмий болон морин хуур хөгжим дэлхийд танигдаж байгааг дурдаж, 2024 оны 1 болон 4 дүгээр сард зохион байгуулах арга хэмжээндээ монголын уран бүтээлчдийг оролцуулах боломжтой талаар мэдээлэв.
Азийн нийгэмлэг нь АНУ-ыг Азитай урлаг соёл, боловсрол, тогтвортой байдал, бизнес, технологи зэрэг олон салбарт холбож, хамтын ирээдүйг чиглүүлэх, түншлэлийг бэхжүүлэх зорилготой ажилладаг дэлхийн 13 улсад төвтэй төрийн бус байгууллага юм.