АНУ-ЫН ОАКЛАНД ХОТЫН ЗАХИРАГЧ ХАТАГТАЙ ШЭНГ ТАО-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Оакланд хотын Захирагч Шэнг тао-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Б.Мөнхбаатар Ерөнхий консул АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын иргэдэд үзүүлдэг консулын ажил үүргийн талаар, Бэй Аэриа орчимд Монголчууд ихээр төвлөрөн суурьшин амьдарч байгаа тухай мэдээлж. Улаанбаатар-Оакланд хотын хооронд 2006 онд тогтоосон эгч, дүүс хотын үйл ажиллагааг сэргээх, цаашдын монголчуудад чиглэсэн арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хатагтай Шэнг Тао Монголын урлаг соёл, түүх, ёс заншлын талаар ихэд сонирхож, Оакланд хотод амьдарч буй монголчуудын төлөөллийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв. Улаанбаатар-Оакланд эгч, дүүс хотын хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, Оакландын Азийн нийгэмлэгийн төвд Монголын соёлын арга хэмжээг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.