images

КАЛИФОРНИ МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ ЭЛЕНИ КОУНАЛАКИС-ИЙН  ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЭВАН РИЙД-ТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-11-02

1524

Калифорни мужийн дэд захирагч хатагтай Элени Коуналакис-ийн гадаад бодлогын зөвлөх ноён Эван Рийд Ерөнхий консулын газарт зочилж, ажлын уулзалт хийв. Ерөнхий консул Б.Мөнхбаатар консулын газрын ажил үүргийн талаар, Монгол Улсын иргэдэд чиглэн хийх боломжтой ажлуудын талаар танилцуулж, санал солилцов. Калифорн мужийн Бэй Аэриа орчимд Монгол Улсын харьяат олон мянган иргэн амьдарч буйтай холбогдуулан Монголын өв соёлыг хадгалан авч үлдэх, сурталчлах, АНУ-д өсч бойжиж байгаа монгол хүүхдүүдэд зориулан “Монголын соёлын төв”-ийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Эван Рийд дэд захирагч хатагтай Элени Коуналакис-ийн хувийн мэндчилгээг Ерөнхий консулд уламжилж, боломжтой үедээ Сакраменто хотод зочлох урилгыг дамжуулав. Мөн тэрбээр тус ЕКГ-ын үйл ажиллагааны үндсэн үүргүүдийн нэг болох иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, мужийн Худалдааны танхим, Аялал жуулчлалын товчоо болон Хөрөнгө оруулалт хариуцсан газруудтай уулзалт товлоход туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн тэрбээр Оакланд-Улаанбаатар эгч дүү хотуудын хамтын ажиллагааг сэргээн, шинэ шатанд гаргахад тус хотын удирдлагуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.