ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН SWISSNEX ИННОВАЦЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хот дахь Швейцарын Холбооны Улсын Swissnex инновацын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төвийн хөтөлбөрийн менежер Сара Буркхарт хүлээн авч уулзан, тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.
Ерөнхий консул хоёр орны судлаачид, мэдээллийн технологийн болон эм зүйн чиглэлээр суралцаж төгссөн энэ чиглэлээр ажиллаж байгаа инженерүүд, их дээд сургуулийн багш нарын судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулах талаар санал гаргав. Сара Буркхарт саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд монголын стартап компаниудад тус төвийн үйл ажиллагааг үргэлж нээлттэй байж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Swissnex төв нь Швейцарын боловсрол, судалгаа, инновац болон урлагийн төсөл, хөтөлбөр, стартапуудыг дэлхийн ижил төстэй байгууллагуудтай холбох, хөрөнгө оруулагч олоход нь зуучлах, гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой, санхүүжилтийнхээ гуравны хоёрыг хувийн хэвшлээс бүрдүүлж, гуравны нэгийг Засгийн газрын төсвөөс санхүүждэг хөтөлбөр юм. Одоогоор Бостон, Сан Франциско, Шанхай, Бангалор, Рио де Жанейро, Сингапур гэсэн зургаан газарт үйл ажиллагаагаа явуулж байна.