images

БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-09-09

1510

Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас Бэй Аэриагийн монголчуудын холбоо (БАМХ)-ны Тэргүүн Ц.Батсоёмбо, Сан Франциско хотын Мэдээллийн технологийн газрын бизнесийн шинжээч Х.Сүх, Сан Франциско хотын Боловсролын газрын мэргэжилтэн Д.Жанцанхорлоо нарыг 2023 оны 9 дугаар сарын 8-ны өдөр ЕКГ-т хүлээн авч уулзав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар монгол иргэдэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг 2003 оноос тасралтгүй явуулж ирсэн тус холбооны удирдлагуудад талархал илэрхийлж, ойрын хугацаанд БАМХ-той хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

БАМХ-ны Тэргүүн Ц.Батсоёмбо холбооны үйл ажиллагаанг танилцуулж, ойрын үед хийхээр төлөвлөж байгаа соёл урлагийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол Д.Жанцанхорлоо оюутан залуучуудын нэгдсэн холбооны үйл ажиллагаа, хотын сургуулиудад суралцаж байгаа монгол хүүхдүүдэд хүргэж байгаа нэмэлт хөтөлбөрүүдийн талаар, Х.Сүх Сан Франциско хотод үйл ажиллагаа явуулж байгаа бусад үндэстнүүдийн холбоодын сайн туршлагын талаар танилцуулга хийв.  

БАМХ нь Сан Франциско орчимд оршин суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролын асуудал дээр голчлон анхаарч ирсэн. Илүү мэдээллийг https://bamcausa.com сайтаас авах боломжтой.