images

САН ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-08-15

1487

Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Францискогийн их сургуулийн Ерөнхийлөгч Пол Фицжеральдтай уулзав. Уулзалтад тус их сургуулийн Удирдлагын сургуулийн захирал, доктор Э.Отгонцэцэг, “Сан Франциско Донс” багийн тамирчин Ш.Энхийн-Од нар байлцсан бөгөөд Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд америкийн монголчуудын төдийгүй Монгол Улсын бахархал болсон багш, оюутан-тамирчин тус нэр хүндтэй сургуулиар овоглож байгаад баяртай байдгаа илэрхийлэн тус ЕКГ болон Сан Францискогийн их сургуулийн хооронд тогтоосон ажил хэргийн харилцааг өргөжүүлэх, монгол оюутнуудыг тус сургуульд сургах боломж, Ази, Номхон далайн Бизнес судлал, инновацын төв (CBSI-AP)-тэй Бэй Аэриад үйл ажиллагаа эрхэлж байгаа монгол эзэнтэй бизнесийн байгууллагуудыг холбох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Фицжеральд салбартаа нэр хүнд, туршлагатай доктор Э.Отгонцэцэгийг сургуулийнхаа захирлаар томилсонд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, түүгээр дамжуулан Бэй Аэриа төдийгүй ойр орчмын монголчуудад бизнесийн сургалт семинар өгөх, үйл ажиллагаа явуулах өргөн боломжтойг дурдав. Мөн өсөх ирээдүйтэй залуу тамирчин Ш.Энхийн-Од тус сургуулийг сонгон, удахгүй тоглолтоо хийх гэж байгаад монголчуудын нэгэн адил догдолж буйгаа илэрхийлэв. Тэрбээр мөн мэдээллийн технологийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Э.Отгонцэцэг нь Монгол Улсын ШУТИС-д бакалавр, магистр, Айдахо мужид магистр, Жоржиа мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, судлаач багш юм. Тэрбээр АНУ-д магистрантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг байгаад зогсохгүй 2005 онд санхүүгийн чиглэлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол эмэгтэй болсон юм.  Ш.Энхийн-Од нь АНУ-ын коллежийн I дивизионы спортын тэтгэлэг хүртэж, тоглолт хийсэн анхны монгол тамирчин бөгөөд хоёр дахь жилдээ коллежийн шигшээ багт тоглох гэж байна.