МОНГОЛ ХООЛ, ХЭВЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Бэй Аэриа орчмын Ричмонд хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Dumpling House Mongolian Cuisine” ресторан болон МонГольф хэвлэлийн цехийн үйл ажиллагаатай танилцав. Тус бизнесүүдийг О.Баттулга, эхнэр Т.Эрдэнэчимэгийн хамтаар эрхлэн явуулдаг бөгөөд хувийн ресторанаа 2012 онд анх нээж байсан. Өнгөрсөн жилүүдэд амт чанар сайтай хоолоор үйлчлэх тус зоогийн газраар монголчуудаас гадна америк болон төвдүүд ихээр үйлчлүүлдэг. Мөн хагас боловсруулсан, хөлдөөсөн өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дөрвөн байршилд борлуулж байна. Уг ресторан нь байгуулагдсан цагаасаа хойш олон арван монголчуудыг ажлын байраар хангаж, цаашид хоол хүнсний салбарт ажиллахад нь бэлтгэж өгсөн байна.
МонГольф хэвлэлийн цех нь бүх төрлийн цаас, даавуу, торгон, фото хэвлэлийг хэвлэдэг бөгөөд монголчуудын холбоо болон спорт, урлагийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн хэвлэлийн ажлыг ивээн тэтгэж, хамтран ажиллаж ирсэн. Тус компаниас санаачлан 2024 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Америкийн монголчуудын аварга шалгаруулах гольфийн уламжлалт тэмцээнийг Сан Франциско хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг тэмцээнд Америкийн өнцөг булан бүрт амьдарч буй гольф сонирхогчид ирж оролцохоос гадна Монголын гольфийн холбооны чансаатай тамирчид ирж оролцдогоороо онцлог. Уг тэмцээн мэргэжлийн гольфийн хамгийн зэрэглэл өндөр талбайн нэг болох Pebble Beach-д болохоор тов нь гараад байна.
Dumpling House: 12221 San Pablo Ave #6, Richmond, CA 94805
MonGolf Printing: 1744 Shattuck Ave., Berkeley, CA 94709