images

БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ УЗ-ИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-08-07

1565

Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас Бэй Аэриагийн монголчуудын холбоо (БАМХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ЕКГ-т хүлээн авч уулзав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд үүрэгт ажилдаа орсон даруйдаа анхныхаа уулзалтыг тус холбооныхонтой хийж буйг онцлоод ЕКГ-ын үндсэн зорилго, чиглэлүүдийн талаар танилцуулж, монгол иргэдэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг 2003 оноос тасралтгүй явуулж ирсэн тус холбооны удирдлагуудад талархал илэрхийлэв. Мөн ойрын хугацаанд БАМХ-той хамтран хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгох хэд хэдэн төслийн талаар танилцуулга хийв.

БАМХ-ны үүсгэн байгуулагч, хүндэт тэргүүн Ш.Баатар холбооны үүссэн түүх, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулав. БАМХ нь тус Ерөнхий консулын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж, холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж байдагт талархалтай буйгаа илэрхийлж, ЕКГ-ын зүгээс гаргасан санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.  

БАМХ нь Сан Франциско орчимд оршин суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролын асуудал дээр голчлон анхаарч ирсэн. Илүү мэдээллийг https://bamcausa.com сайтаас авах боломжтой.