images

ОХАЙО МУЖИЙН ДЕЙТОН ХОТ 2 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙГ “МОНГОЛЫН ӨДӨР” БОЛГОН ЗАРЛАЛАА

Консулын газрын мэдээ

2023-02-12

2319

АНУ-ын Охайо мужийн Дейтон хот 2 дугаар сарын 10-ны өдрийг “Монголын өдөр” болгон зарлаж, тунхаглах ёслол “CareSource” компанийн төв байранд ёслол төгөлдөр болж өнгөрөв. 
Ёслолын арга хэмжээнд Элчин сайд Ө.Батбаяр оролцож Дейтон хотын захиргаа, CareSource компанийн удирдлагад талархал илэрхийлж үг хэлсэн бол Сан Франциско дахь ЕКГ-ын консул П.Баярмагнай, Чикаго дахь Консул Т.Батцэцэг, Чикаго хотын Бизнес консулын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Ууганбаяр нар хүрэлцэн ирсэн Дейтон хотын бизнес эрхлэгч болон хүндэт зочдод Монгол Улсын Эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол бизнесийн талаар танилцуулга хийж, товч мэдээлэл өгөв.
"CareSource" компанийн Ерөнхийлөгч Эрхаарт Прейтауэр арга хэмжээг нээж үг хэлсэн бол Дейтон хотын дарга Жефри Мимс, Охайо мужийн захиргаа, тус мужийн Монгомери дүүрэг, Охайо мужаас сонгогдсон конгрессын гишүүн Майкл Тернерийн бие төлөөлөгчид оролцож тунхаглалын өргөмжлөлийг Элчин сайдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Дейтон хотын Их сургуульд суралцаж, тус сургуулийн багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од /Майк/ тус хотод ирснээр Дейтон хотын иргэд Монгол Улсын талаар ихээхэн сонирхох болсон бөгөөд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс ч Дейтоны сагсан бөмбөгийн багийг олноороо дэмжих болсон билээ. 
Саяхан байгуулагдсан Дейтоны Их сургуулийн багийг дэмжигч Монголчуудын Facebook group гэхэд хэдхэн сарын дотор 28 мянга орчим дэмжигчидтэй болсон нь спортоор дамжуулан иргэд хоорондын харилцаа хэрхэн хөгжиж болдгийн тод жишээ болов.
Тиймээс Монгол, Америкийн харилцаанд шинэ өнгө аясыг авч ирсэн авьяаслаг тамирчин залуудаа нийт Монголчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

 

Эх сурвалж: Mongolian Embassy to the USA