images

ЦАХИМ ХАЛДЛАГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

Сэрэмжлүүлэг

2023-01-23

2468

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь цахим гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн улмаас хувь хүмүүс, байгууллагууд цахим халдлагад өртөж эд хөрөнгө, мөнгө санхүүгийн алдагдалд орох, сэтгэл санаагаараа хохирох явдал нэмэгдэж байна. 
Кибер халдлагын хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувь хүмүүстэй цахим орчинд харилцаа, холбоо тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Мэргэжилтнүүдээс цахим аюулгүй байдлаа хангахад туслах дараах анхан шатны зөвлөмжүүдийг өгч байна. 
• Вэб камер болон гар утасны нүүрний камерууд нь кибер хяналтад ашиглагдах өндөр эрсдэлтэй тул ашиглаагүй үедээ хааж, унтрааж байх.
• Аппликейшн суулгахдаа ашиглах нөхцөлийг нь анхааралтай уншиж танилцах.
• Өөрийн хувийн мэдээллээ өөр тоног төхөөрөмж дээр давхар хуулж хадгалах.
• Компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг нууц үг, пин код, хурууны хээгээр түгжиж хэвших.
• Найдваргүй компьютер, сүлжээ ашиглан цахим хаягтаа нэвтрэхгүй байх.
• Суурин болон зөөврийн компьютер, цахим хэрэгсэлдээ вируснаас хамгаалах шийдлүүдийг ашиглаж хэвших.
• Хувийн баримт бичгийг интернэтэд байршуулахгүй байх.
• Таны компьютерт ямар нэг програмын асуудал байна гэх интернэт сайтын анхааруулга мэдээллийн үнэн эсэхийг байнга шалган нягталж байх.
• Зээлийн картыг ашиглах эрхтэй гар утас болон таблетаа байнга түгжиж, алдахаас сэргийлэх.
• И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээхгүй байх.
• Интернэт нууцлалдаа давхар хамгаалалтын код ашиглах. 
• Банкны дотоод, гадаад гүйлгээнүүд хийхдээ онцгой анхаарч, сонор сэрэмжтэй байх нь зүйтэй. Хэрэв та анх удаа харилцагч байгууллагадаа мөнгө шилжүүлэх гэж буй бол:
- Харилцагч байгууллагаа сайн судлах /цахим хуудас, сошиал хуудас, харилцагч нарын сэтгэгдэл/;
- Төлбөр хүлээн авах байгууллага эсвэл иргэний дансны мэдээллийг сайн тулгах;
- Хүлээн авагч нь мөнгө хүлээн авч байгаа улс орондоо тодорхой үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталж шалгах хэрэгтэй.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР