ИТГЭМЖЛЭЛ
2022-10-28
АНУ-д оршин суугаа Иргэн та өөрийн эрхийн хүрээнд хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх зэрэг өөр бусад олон үйлдлийг өөрийгөө төлөөлүүлэн Монгол Улсад байгаа төлөөлөгчөөр дамжуулан хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.
Итгэмжлэлийг иргэд биеэр тус ЕКГ-т ирж хийлгэх эсхүл Монголын Нотариатчдын танхимын https://consul.notary.mn/login цахим хуудсаар дамжуулан өөрөө үйлдэх боломжтой.
Ерөнхий консулын газарт биеэр ирж үйлчилгээ авах бол иргэн Та доорх холбоосоор орж өөрт тохирсон үйлчилгээний цагийг урьдчилж авна уу.
ЦАГ АВАХ ХОЛБООС / CLICK HERE FOR AN APPOINTMENT
Ирэхдээ дараах бичиг баримтыг авчирна.
-Бүх төрлийн итгэмжлэлд Төлөөлүүлэгч буюу АНУ-д амьдарч буй иргэн таны Монгол Улсын хүчин төгөлдөр хугацаатай бичиг баримт болох Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх байх шаардлагатай. Эх хувиараа байхгүй бол түүний хуулбар байж болно. /Хэрэв таны иргэний үнэмлэхийн хугацаа дууссан бол ЕКГ-т ирж хурууны хээгээ өгч бүртгэлд хамрагдсанаар итгэмжлэлээ хийлгэх боломжтой/
- Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой итгэмжлэлийг эцэг, эхийн хэн нэг нь төлөөлж хийлгэх бөгөөд 16 наснаас доош хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ, 16-17 настай бол хүүхдийн иргэний үнэмлэх /урд,ар тал/ болон өөрийн бичиг баримтыг авчирна.
- Итгэмжлэлийн агуулгаас хамааран шаардлагатай бичиг баримтын хуулбарыг хавсаргах учиртай. Тухайлбал орон сууц түрээслэх бол тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл худалдах бол тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг шаардагдана.
Үүнээс гадна Монгол Улсад таныг төлөөлөх иргэний Монгол дахь гэрийн хаяг, регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, гар утасны дугаарын мэдээллийг мэдэх шаардлагатайг анхаарна уу.
Нэг итгэмжлэлийн төлбөр 10 ам.доллар бөгөөд бэлэн мөнгөөр болон картаар төлөх боломжтой.
Цахимаар итгэмжлэл үйлдэх тухай
Итгэмжлэлийг цахимаар хийх бол иргэн Та Монголын Нотариатчдын Танхимын https://consul.notary.mn/login системд шинээр бүртгэл үүсгэн нэвтэрч орно. Бүртгүүлэхдээ өөрийн нэр, регистрийн дугаарыг кирилл үсгээр, харин Америк дахь хаягийг латинаар бичнэ.
Нотариатын танхимаас Таны и-мэйл хаягт хэрэглэгчийн нэр болон нууц үгийг ирүүлнэ. Ирүүлсэн мэдээллийн дагуу нэвтрэн орж, үйлчилгээ цэснээс өөрт тохирох итгэмжлэлийн төрлийг сонгож, зөвхөн кирилл үсгээр бичиж итгэмжлэл хийнэ.
АНХААРУУЛГА: Хувь хүн итгэмжлэлийг цахимаар үйлдэхдээ заавал өөрийн биеэр үйлдэнэ. Хувийн мэдээлэл, нэвтрэх эрхээ бусдад дамжуулж гуравдагч этгээдээр итгэмжлэл үйлдүүлэх нь Иргэний тухай хууль, Нотариатын тухай хууль, Нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчих эрсдэлтэй бөгөөд итгэмжлэл хүчингүйд тооцогдох, улмаар үүсэх эрх зүйн, санхүүгийн хариуцлага, хохирлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу!
Цахимаар итгэмжлэлийг үйлдэн, шуудангаар илгээх бол доорж зааврыг уншина уу.
Итгэмжлэл илгээх дарааллыг текстээр унших бол ЭНД ДАРНА уу.
Итгэмжлэл илгээх зааврыг зурган тайлбарын хамт унших бол ЭНД ДАРНА уу.
ИТГЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР ТЕКСТ-ИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийг агуулсныг анхаарна уу.
Итгэмжлэл илгээх зааврыг англи хэл дээр унших бол энд дарна уу.
ИТГЭМЖЛЭЛ ЗӨВШӨӨРСӨН, БАТАЛГААЖСАН, АРХИВЛАСАН ТӨЛӨВТ ОРСНЫ ДАРАА ЗАСВАР ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ТУЛ ТА ИТГЭМЖЛЭЛЭЭ ХЯНУУЛАХААР ИЛГЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ САЙТАР УНШИЖ, ШАЛГАНА УУ.
ТУС ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ НОТАРИАТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТАНЫ ИТГЭМЖЛЭЛ ДЭЭР ЗУРСАН ГАРЫН ҮСГИЙГ БАТАЛГААЖУУЛДАГ ТУЛ ОЛГОЖ БУЙ ЭРХ БОЛОН ТӨЛӨӨЛҮҮЛЭН ХИЙХ ҮЙЛДЛИЙН ТАЛААР АЛБАН ЁСНЫ НОТАРИАТААС ЗӨВЛӨГӨӨ АВЧ ИТГЭМЖЛЭЛЭЭ БИЧИХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
Банкны болон үйлчилгээний компанид бүртгэлтэй данстай холбоотой итгэмжлэл. Та банкны болон үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн данс, утасны дугаарын эзэмших эрхтэй холбоотой итгэмжлэл илгээхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр урьдчилж холбогдон сайтар тодруулга хийнэ үү. Энэ нь тэдгээр тодорхой үйлчилгээний байгууллагаас тавьдаг зохих шаардлагын дагуу итгэмжлэлээ бичихэд тань дөхөм болж, таны цаг завыг хэмнэх ач холбогдолтой.
Хууль, шүүхийн байгууллагад хандсан итгэмжлэл. Хуулийн болон шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулах итгэмжлэл илгээхийн өмнө та заавал мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, итгэмжлэлийн шаардлага хангасан төслийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөр бичүүлсэн байх шаардлагатай.
- Үйлчилгээний хураамж ҮЗЭХ

