Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж
2025-11-19
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмаас.../Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаар тогтоолын хавсралт/
"Хоёр.Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлт хүлээн авах, хүсэлтийг хянан шийдвэрлэх
2.1.Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл халамжийн нэгдсэн систем "ehalamj" болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно.
2.2.Энэхүү журмын 2.1-д заасан хүсэлт гаргахад доор дурдсан баримт бичгийг халамжийн нэгдсэн систем "ehalamj"-ээс бүрдүүлнэ:
2.2.1.хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
2.2.2.хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх;
2.2.3.Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тохиолдолд мөн хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж."