ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
2024-09-17
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т:
"Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Аль ч улс өөрийн хуульд заасан хугацааны дотор шинэ төрсөн иргэнээ бүртгэдэг. Иймд та бүхэн Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэн, шинээр мэндэлсэн хүүхдийн эрх ашгийн төлөө хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Мэдүүлэг болон өргөдлийн маягт. Үүнд:
№ |
Төрөл |
Маягт |
Маягт татах |
Маягт бөглөх заавар |
|
1. |
Мэдүүлгийн маягт |
Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг |
|||
2. |
Өргөдлийн маягт |
Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ авсан эцэг, эхээс гаргах өргөдөл |
|||
Хүүхдийг эхээр нь овоглоход гаргах өргөдөл |
|||||
Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ аваагүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх |
Эхийн өргөдөл |
||||
Эцгийн өргөдөл |
2. Эцэг, эхийн хүчинтэй Монгол Улсын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /урд тал, ар тал/, /Гадаадын иргэн бол паспортын хуулбар эсхүл гадаад паспортыг орлох бусад бичиг баримт/
3. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
4. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа / Verification letter or Record of birth /. Америкийн Нэгдсэн Улсын төрсний гэрчилгээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
5. Монгол эцэг, эхтэй хүүхдийг хуулинд заасан 30 хоногоос хойш бүртгэл хийлгэх тохиолдолд тухайн хүүхдийн төрснөөс одоог хүртлэх хугацаанд хийлгэсэн дархлаажуулалтын бүртгэл эсхүл хүүхдийн эсэн мэнд бойжиж буйг баталсан эмчийн бичиг болон гар өргөдөл / хуулинд заасан хугацаанд бүртгэл хийлгэж амжаагүй шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, нөхөн бүртгэл хийлгэхийг хүссэн / нэмэлтээр гаргана.
Анхаарах:
Эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол хүүхэд төрснөөс хойш 20 хоногийн дотор төрсний гэрчилгээ авах бичиг баримтаа бүрдүүлэн ЕКГ-т ирүүлэх шаардлагатай. Учир нь УБЕГ-аас гадаад эцэг/эхэд регистрийн дугаар орлосон бүртгэлийн дугаар авахад хугацаа ордог болохыг анхаарна уу.
- Төрсний гэрчилгээний хураамж:
30 хоног дотор |
10 ам. доллар |
30 хоног хэтэрсэн тохиолдолд |
15 ам. доллар |
Эцэг, эхийн хэн нэг нь өөрийн биеэр ирж төрөлт бүртгүүлэх боломжгүй бол бүрдүүлсэн материалыг баталгаат буухиа шуудангаар илгээх боломжтой.
Шуудангаар бичиг баримт илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн money order эсхүл cashier’s check хэлбэрээр ирүүлнэ.
Жич: Таны илгээсэн дугтуйг хүлээн авахад эсхүл Таны үлдээсэн буцах дугтуйгаар материал илгээхэд доторх баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авч буй иргэн Та өөрөө бүрэн хариуцах болохыг анхаарна уу.
- ЕКГ буухиа шуудангаар илгээсэн материалыг хүлээн авч хянан, бичиг баримтын бүрдүүлэлт хангагдсан тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэн авч, төрсний гэрчилгээний хамт төрсний бүртгэлийн маягтыг буцах дугтуйнд хийж илгээнэ. Эцэг, эх шууданг хүлээн авмагцаа төрсний гэрчилгээг авч үлдэн бүртгэлийн маягт /Маягтын А, Б талд буй бүртгүүлсэн иргэний гарын үсэг хэсэгт эцэг, эхийн хэн нэг нь гарын үсэг зурж, гарын үсгийн тайллыг бичнэ/-ад гарын үсэг зурж, баталгаат буухиа шуудангаар ЕКГ руу илгээнэ.
- Эцэг, эхийн гарын үсэг зурсан маягтыг ЕКГ хүлээн авсны дараа баталгаажуулан Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт илгээснээр хүүхдийн төрсний бүртгэл албан ёсоор бүртгэлийн мэдээллийн санд орж, Монгол Улсад баталгаажна.
Шуудангаар бичиг баримт илгээх болон үйлчилгээний хураамж төлөх заавартай энд дарж танилцана уу.
Хүүхдээ төрүүлэх гэж буй гэр бүлийн анхааралд:
Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” шинэчлэгдэн батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн батлагдсан журмын дагуу хуульд заасан хугацаанд буюу төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй хүүхдийн төрснийг бүртгүүлэхэд холбогдох баримт бичгээс гадна “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа”-г бүрдүүлэх шаардлагатай болсон. Мөн “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчсөн бол “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил гаргагчид шийтгэл оногдуулсан хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг баримтад хавсаргана гэж заажээ. Иймд Иргэд Та бүхэн аливаа бүртгэлийг хуулийн хугацаанд /30 хоногийн дотор/ бүртгүүлж байхад анхаарна уу.
- Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлж болно.
- Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг хуулинд заасан 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
- Гадаад паспорт болон хүчингүй иргэний үнэмлэхийг үндэслэн төрөлт бүртгэх боломжгүй. Урьд өмнө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЕКГ-т заавал өөрийн биеэр ирж иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай. Иргэний шинэчилсэн бүртгэлийн материалыг үндэслэн төрөлт бүртгэл хийх боломжтой.
- Гадаад улсын гэрлэлтийн бүртгэл нь Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлд ордоггүй тул тус бүртгэлийг үндэслэн төрөлт бүртгэлийн мэдээлэлд гэрлэлтээ бүртгүүлсэн гэж бүртгэх боломжгүй.
- Хэрэв хүүхдийн эцэг, эх Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхээр овоглон бүртгэдэг журамтай. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдлийг үндэслэн хүүхдийг эхээр нь эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг.