ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛ

2024-09-14


Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх гэж буй хос ЕКГ-т гэрчийн хамт биеэр ирэхийг анхаарна уу.

АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхээр ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Гэрлэсний гэрчилгээ авах мэдүүлэг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх /Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу/.
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд ЕКГ-т хандаж хамтарсан өргөдөл гаргана. /Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн АНУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Хамтарсан өргөдлийн загвартай танилцана уу/. Түүнчлэн хосууд хамтарсан өргөдлийн маягттай ижил агуулга бүхий гар өргөдөл бичнэ. 
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /урд, ард тал/. 

4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар, E-Mongolia-аас авч, хуулбарыг хавсаргасан байна. 
5. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байх/. Үүнд: ДОХ, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэнд орно. Тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичгийг монгол орчуулгын хамт авч ирнэ. Хэрэв тус ЕКГ-аар орчуулуулах бол орчуулгын төлбөр хуудас бүрд 5 ам.доллар байна.
6. Гэрлэсний бүртгэлийн үйлчилгээний төлбөр 10 ам.доллар.

Гадаад улсын иргэнтэй гэрлэх бол дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ. Үүнд:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх /Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу/.
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд ЕКГ-т хандаж хамтарсан өргөдөл гаргана. Гэрлэхийг хүсэгч гадаад улсын иргэн өргөдлийн маягтын дагуу англи хэл дээр өргөдөл бичиж, орчуулгын хамт авч ирнэ. /Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн АНУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Хамтарсан өргөдлийн загвартай танилцана уу/.
3. Гэрлэхийг хүсэгч Монгол иргэн иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг /урд, ард тал/, гадаад улсын иргэн бол гадаад паспортыг тус тус авч ирнэ.

4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авч, монгол орчуулгын хамт авч ирнэ. Хэрэв тус ЕКГ-аар орчуулуулах бол орчуулгын төлбөр хуудас бүрд 5 ам.доллар байна.
5. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байх/. Үүнд: ДОХ, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэнд орно. Оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичгийг монгол орчуулгын хамт авч ирнэ. Хэрэв тус ЕКГ-аар орчуулуулах бол орчуулгын төлбөр хуудас бүрд 5 ам.доллар байна.
6. Гэрлэсний бүртгэлийн үйлчилгээний төлбөр 10 ам.доллар. /Төлбөрийг картаар тушаах боломжтой/


Жич: ЕКГ гэрлэсний бүртгэлийг хөтөлж, гэрлэсний гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

Гэрлэсний гэрчилгээ ажлын 1-3 хоногт баталгаажна.