Иргэдэд өгөх зөвлөмж

2022-11-01


АНУ-д зорчих иргэдэдээ ЕКГ-ын зүгээс дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
•    Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
•    АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих;
•    Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх;
•    Хил нэвтрэх мэдүүлгийн I-94 болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө бөглөсөн байх;
•    АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Дотоодын аюулгүй байдлын департаментийн Цагаачлалын байцаагч тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах;
•    АНУ-д байх хугацаагаа I-94 хуудаснаас нягтлан шалгаж,  тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
•    Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
•    Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчирах тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг байхыг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарна уу).
•    Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
•    Хэрэв та АНУ-д 6 сараас дээш хугацаагаар байх бол Вашингтон дахь ЭСЯ, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, эсхүл Сан Франциско дахь ЕКГ-таа бүртгүүлнэ үү.
АНУ-д зорчихдоо анхаарах зүйлсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас үзнэ үү:
•    АНУ-ын Элчин сайдын яам: www.mn.usembassy.gov/mn/visas-mn/
•    Төрийн Департамент: www.travel.state.gov/
•    АНУ-ын Дотоод Аюулгүй байдлын Яам: www.dhs.gov/
•    АНУ-ын Гааль хилийн хамгаалалт: www.cbp.gov