САКРАМЕНТО ХОТЫН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ХИЙВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй 2025 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр тус хотод чөлөөт уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Ерөнхий консул өнгөрсөн 30 жилийн хугацаанд АНУ-д суурьшин амьдарч, хөдөлмөрлөж ирсэн Монголчууд эвлэлдэн нэгдэж, АНУ-ын нийгэм, тогтолцоонд илүү идэвхтэй оролцон, хамтдаа урагшлах цаг болсон гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр иргэдийг өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо дүгнэж, цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлон, өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол, амьдралын алсын харааг тодорхойлох нь чухал болохыг дурдаж, харилцан санал бодлоо солилцон дүгнэн ярилцав.
Одоогийн байдлаар Сакраменто хотод албан бус тоогоор 1000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд уулзалтын үеэр тус хотын иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монголчуудын холбоог сэргээх ажлын хэсэг байгуулав.
Уулзалтын төгсгөлд Youth Save Our Society (YSOS) клубын гишүүд болох М.Мөнхжин, Т.Мөнхжин, Г.Амелиа Анун, Н.Софиа нарын нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, талархлын бичиг гардуулав.