МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН БАГШ НАРЫГ “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАВ
Бэй Аэриа орчимд амьдарч буй монгол хүүхдүүдэд үндэсний хэл бичиг, язгуур урлагийн боловсрол олгон, монгол соёлын өвийг өвлүүлж, түгээн дэлгэрүүлж буй Amuunaa’s Mongolian Dance Studio-ийн Монгол бүжгийн багш З.Амуунаа, Mонгол Урлаг Соёлын Төвийн монгол хэл, монгол бичгийн багш Ц.Энхтуяа, морин хуурын багш П.Ганзориг, З.Амгаланбаатар, Гэр Хүүхдийн Төвийн нугаралтын багш Э.Болорцэцэг нарыг “Соёлын Тэргүүний Ажилтан” хүндэт тэмдгээр 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий консул Б.Мөнхбаатар шагнав.
Энэхүү шагнал нь гадаадад суугаа монгол иргэдийн дундаас соёлын өвийг хадгалж, хойч үедээ түгээн дэлгэрүүлж буй хувь хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг алдаршуулах, урамшуулах зорилготой юм.
Шагнал гардуулах үеэр Ерөнхий консул багш нартаа гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёл, язгуур урлагийг заан сургаж, үндэсний үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд чин сэтгэлээсээ зүтгэж байгаад талархал илэрхийлж, цаашдын ажил, уран бүтээлд нь амжилт хүсэв.