СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР МОНГОЛЫН “ХЭЛ ХУУР” ХӨГЖМИЙГ ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТАНИУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ
Бэй Аэриа орчимд амьдарч буй Монголчуудын дунд соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний хөгжмийн нэгэн үнэт өв болох “Хэл хуур” хөгжмийг танилцуулах чөлөөт уулзалт 2025 оны 10 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Соёлын элч, МУСТА, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр санаачлан зохион байгуулсан бөгөөд уулзалт Монгол Урлаг Соёлын Төвийн байранд болж, Бэй Аэриа дахь Монголчууд, хүүхэд багачууд өргөнөөр оролцов.
Монгол түмний нүүдэлчин ахуй, сэтгэлгээ, байгаль дэлхийтэй харилцах гүн ухааныг агуулсан, эгшиглэнт аялгуугаар дамжуулан сэтгэл зүрхэнд хүрдэг “Хэл хуур” хөгжмийн урлаг нь манай өв соёлын үнэт нандин хэсэг билээ. Уулзалтын үеэр Б.Нарандэлгэр хэл хуур хөгжмийн түүх, утга агуулга, төрлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөгжмийн эгшгээр дамжуулан соёлын үнэт өвөө үр хойчдоо өвлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Чөлөөт уулзалтын гол онцлог нь хүүхэд, багачууд өөрсдөө хэл хуур хөгжмийг сонсож, сонирхож, анхан шатны мэдлэг, дадлага олж авах сургалтад хамрагдсан явдал байлаа. Ийнхүү тэд Монгол өв соёлын нэгэн гайхамшгийг өөрийн биеэр мэдэрч, уламжлалт хөгжмийн урлагаар дамжуулан үндэсний бахархал, үнэт зүйлсээ улам бүр таниж авсан юм.
Монгол Улсын 21 аймагт болон хилийн чанадад ХБНГУ, Бельги, Швейцарь, Нидерланд, Швед болон Япон зэрэг улсуудад Монгол хэл, соёл, язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж яваа Монгол Улсын Соёлын элч, МУСТА, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр Танд гүн талархал илэрхийлж, цаашдын үйлс нь өргөжин тэлж, улам олон хүнд Монгол соёлыг таниулах их үйлсэд амжилт хүсье.
_1761939151.jpg)