ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай Ерөнхий консулын газрын цахим хуудсанд тавтай морилно уу!

Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулын албан ажилдаа орж энэхүү мэндчилгээг дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.

Сан-Франциско хотод суугаа манай Ерөнхий консулын газар анх 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг сахин хамгаалах, монголчууддаа болон Монголд зорчигчдод консулын үйлчилгээ үзүүлэх үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж байна. Манай Консулын тойрогт АНУ-ын Калифорни, Орегон, Вашингтон, Невада, Юта, Аризона, Айдахо, Монтана, Канзас, Вайоминг, Колорадо, Нью Мексик, Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Оклахома, Техас гэсэн 17 муж хамрагддаг.

Миний бие энэ албыг хаших хугацаандаа Ерөнхий консулын газрын ажилтнуудтайгаа хамтран хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл болон хүн хоорондын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Өөрийн Консулын тойрог дахь монголчуудынхаа нийгэмлэг, холбоодуудыг цаашид ч мөн дэмжиж дэлхийд хосгүй монгол соёл, өв уламжлалаа бахархал болгодог олон талын урлаг, соёл, шинжлэх ухаан, худалдаа, сурталчилгааны арга хэмжээ зохион явуулахад нь холбогдох хууль журамд нийцүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Консулын үйлчилгээнийхээ талаар танд хэрэгтэй тустай мэдээллийг өгч, санал бодлоо хуваалцан хамтарч ажиллах болгондоо бид баяртай байх болно.


Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Ерөнхий консул Э.Галбадрал

Follow us

Like us