“Эх түүхийн олимпиад” амжилттай болж өнгөрөв.

Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдийн дунд Монгол үндэстний эх хэл, түүх, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр дэлхий даяар явуулж дууслаа. Уг олимпиадыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Түүхийн Улсын олимпиадыг зохион байгуулах Дэд хороо хамтран зохион байгуулав. Хамтран ажиллагч байгууллагаар МУИС, МУБИС, ШУТИС ажиллав. Дэмжигч байгууллагаар МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо ажиллав. “Эх түүхийн олимпиад”-ад хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүд 11-14 нас, 15-18 насны гэсэн 2 төвшинд 50 асуулт бүхий цахим сорил бөглөж, эсээ бичиж өрсөлдлөө. 11-14 насанд 75 хүүхэд, 15-18 насанд 57 хүүхэд, нийт 132 хүүхэд оролцсон байна. Дараагийн олимпиадад оролцох хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Байр эзэлсэн байдлыг харуулбал доорхи байдалтай. 11-14 насны хүүхдээс I байр –Үүлэнгоо (ХБНГУ) II байр –Мишээл (АНУ, Юта) –Өнөрмаа (ОХУ, Москва) III байр –Ариунболор (Бельги, Антверпен) –Чанцалдулам (ХБНГУ, Мюнхен) 15-18 насны хүүхдээс I байр –....................(байр эзлэх хүн гараагүй) II байр –Төмөр Мөнхөө (Франц, Парис) –........................ (байр эзлэх хүн гараагүй) III байр –Гийгүүлэн (Бельги) –Анударь (АНУ) Ахлах ангийн хүүхдүүд дараагийн олимпиадад илүү идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. “Эх түүхийн олимпад”-ад шагналт байр эзэлсэн бүх хүүхэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг гардана. Тэргүүн байр эзэлсэн хүүхэд дээрх шагналуудаас гадна харгалзах хүний хамт Монгол улсад ирж байгалийн үзэсгэлэнт газар ирж амрах эрхээр шагнуулна. Оролцсон бүх хүүхдэд “Талархал” гардуулна. “Эх түүхийн олимпад”-ад оролцсон бүх хүүхдийн шагнал, талархлыг Монгол Улсаас гадаад улсуудад ЭСЯаманд албан ёсоор гардуулж өгнө. Уг олимпиадыг уламжлал болгон тогтмол явуулахаар төлөвлөж байна. Түүхийн Улсын олимпиадыг зохион байгуулах Дэд хороо 2017.12.18

Follow us

Like us